|
Манай орны нийслэл Улаанбаатар хотноо энэ оны аравдугаар сарын 4-10 ны өдрүүдэд зохиогдох Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнд оролцох улс орнууд нэмж мэдэгдсээр байна.
Тэмцээнд таван тивийн олон арван залуу шилдэг тамирчид нийтдээ 40 гаруй орны 300 орчим төлөөлөгчид орох төлөвтэй байгаагаас ОХУ, Казакстан, Турк, Узбекстан, Герман, Беларус, Өмнөд Африк, Коста Рика, Франц, Англи, БНХАУ, Япон, БНСУ, Тайланд, Украйн зэрэг орны тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байсан бол өнөөдөр Молдав, Чех, Эстони улсын баг тамирчид оролцохоо мэдэгдсэнээр нийт 19 орон албан ёсоор оролцохоор болжээ.
Тэмцээн 46кг, - 49кг, 52кг, 56кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, 91кг жингүүдээр явагдах бөгөөд оролцох орнуудын тамирчдын тоо, жин долдугаар сарын эхээр тодорхой болно.
Тэмцээнийг ОУОСХолбооны зохион байгуулалт, техник, мандат, эмнэлгийн комиссын 6 хүн, Олон улсын боксын холбооны 3 төлөөлөгч, нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж удирдана. Мөн улс бүрээс 4-өөс дээш тамирчин оролцох тохиолдолд олон улсын зэрэгтэй шүүгч нэг шүүгчийн хамт ирэх ёстой ажээ.
Энэхүү тэмцээн нь олон улсын түвшинд үнэлэгддэг дэлхийн арга хэмжээ бөгөөд 40 гаруй орны баг тамирчид хүрэлцэн ирж, олон арван олимп, дэлхийн аваргын медальт шилдэг тамирчид өрсөлдөх ба дэлхийн хэмээсэн энэхүү томоохон тэмцээнийг хүлээн авч явуулах болсон нь манай орны боксын спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан, тамирчдын чадварыг бокс сонирхогч үзэгчдийн өмнө сорих чухал шалгуур болно хэмээн үзэж байна.
|