 |
Олон улсын тэмцээний шагналт дуучин амьтны торонд орж ангийн үсэн эдлэлийн эсрэг ПЕТА-гийн сурталчилгааны зураг авахуулав.
Монголын залуу поп од Номинжин Хүмүүс Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Нийгэмлэг (PETA) ПЕТА-гийн сурталчилгаанд зориулж төмөр торны цаана суух хэрэг гарлаа. 20 настай веган (ногоон хоолтон) тэрбээр ангийн үсний аж ахуйд хаа сайгүй зонхилж буй хэрцгий бүдүүлэг харгислалыг эсэргүүцэн “Загварт дарлуулахаа боль, Үслэг эдлэл бүү өмс” уриа бичгийн дэргэд, үслэг андынхаа хамт торон дотор сууж буйгаар зургаа авхуулжээ. Энэхүү сурталчилгааны зургийг шилдэг фото зурагчин Зеев Розин авч, Б.Анхцэцэг нүүр будагчнаар, Б.Дарьсүрэн үсчнээр нь тус тус ажилласан байна. Номинжин арав гаруй хэл дээр дуулдаг бөгөөд АНУ болон Энэтхэгийн дэлхийд нэртэй уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Тэрбээр Орос, Мексик, Солонгос, Турк, Япон, Энэтхэг, АНУ, Франц зэрэг арав гаруй орнор аялж ая дуугаа өргөсөн бөгөөд Нора Жонес, Жеймс Блант зэрэг нартай нэгэн цомогт багтан орж, Жон Ленноны ремикс цомогт бас дуу хоолойгоо оруулсан байна.
Энэ оны эхээр Номинжин ПЕТА-Азийн Хамгийн Дур Булаам Цагаан Хоолтон шалгаруулахад дэд байранд шалгарчээ. “Загвар хөөцөлдөнө гэдэг чинь зугаатай байх ёстой зүйл. Бусдын арьсыг бөөнөөр нь нөмрөөд явахад сэтгэлд зугаатай юм юу ч байхгүй” гэж арав гаруй хит дууны эзэн Номинжин өгүүлээд “ПЕТА-гаас ангийн үсний аж ахуйнууд дээр илрүүлж авсан дүрс бичлэгүүдийг хараад нүд хальтран зүрх өвдөж, нулимс өөрийн эрхгүй асгарч байсан” гэж нэмж хэллээ.
Ангийн үсний ихэнхийг үйлдвэрлэж буй хөрш орнууд дахь ангийн аж ахуйдад, туулай, булга, үнэг зэрэг олон зүйл амьтад хөдлөх харайх, хөөцөлдөн тоглох боломж огтоос үгүй давчуу заваан торонд насаараа хоригдож байна. Тэднийг алахдаа хүмүүс эхлээд хүзүүг нь хуга эсвэл тархийг нь зад хаа нэгтээ савж цохиод хөлөөс нь өлгөж, толгойг нь хэрчиж зарим нь амьтай байсаар байтал өвчдөг.
"Амьтны үсийг ихэвчлэн худал хаягладаг болохоор чухам ямар амьтны арьс үс нөмрөөд явж буйгаа мэдэхийн ч аргагүй" гэж Номинжин хэлээд "Ямар нэгэн амьтны үсэн эдлэл эсвэл зах зухыг нь хэрэглэж байгаа хэн ч байсан жилийн жилд зэрлэг хэрцгийгээр амиа хороолгож байгаа сая сая амьтдын гаслант амьдрал болоод амины өрний төлөөх гэм буруутай үйлийн үрийг хуваалцаж л байгаа" хэмээн нэмж өгүүлсэн юм.
|