|
УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн олонх буюу 50 гаруй хувь нь намынхаа шинэ удирдлагад санал шүүмжлэл шаардлагаа илэрхийлжээ. Тухайлбал, Н.Ганбямба, Ж.Сүхбаатар, Э.Мөнх-Очир нарын гишүүн намынхаа шинэчлэлд томоохон алхам хийсэн 25 дугаар Их хурлын шийдвэр хэрэгжихгүй байгааг онцолсон байна.
Тодруулбал, "Нийгэмд шударга ёсны зарчим алдагдаж хүнд суртал, авлига, хээл хахууль газар авч, баян хоосны ялгаа ихэслээ...
Намын боловсон хүчний бодлогын хүрээн дэх гажуудал шударга бус үйлдлийг таслан зогсоох намын бүх шатны байгууллагуудад дотоод ардчиллыг бэхжүүлэх, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй болгож шинэчлэх шаардлага хурцаар тавигдаж байна. Намд хямралт байдал үүссэний эх сурвалж нь өмнөх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн эрх ашигт дулдуйдсан үйл ажиллагаанд оршиж байсан гэж дурьдаад
-...Боловсон хүчний бодлогод үндсэн өөрчлөлт гаргах
-...улс төр бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагааг хязгаарлах, улмаар устгаж үгүй болгох
-...ажилгүйдэл ядуурлыг бууруулах
-...лиценз зөвшөөрлийг эргэн харж эмхэлж цэгцлэхийг зааж өгсөн ч хэрэгжихгүй байна" хэмээн тэд үзжээ.
Намын шинэчлэлд бас жинтэй хувь нэмэр оруулсан "боловсон хүчнийг шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам" ч хэрэгжихгүй байгааг хатуухан шүүмжилжээ. Тэр ч байтугай намын дотоод харилцааны зарчмуудыг өөрчлөх шаардлагатайг онцлон тэмдэглэж 26 гишүүн гарын үсгээ зурсан шаардлагад сануулсан байна. Харин энэ санал шаардлагын эхний хуудсанд Ж.Энхбаяр, Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Д.Балдан-Очир гээд хамгийн залуу гишүүд ихээхэн санаачлагатай ханджээ.
Дашрамд дуулгахад, УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн 50 гаруй хувь нь эл шийдвэрийг дэмжиж байгаа гэнэ.
|